Нийгэм | 2024-11-20
VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг болов
А.Админ / 250
VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг болов

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт   VII хорооллын төлөвлөлттэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2015 онд тодотгол хийж, 2016 оноос төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдаагаар газар олголт хийжээ. Төлөвлөлтийн хугацаанд VII хороололд шинээр 2172 өрхийн 206.8 мянган м.кв талбай бүхий 9-12 давхар орон сууц, 16710 м.кв талбай бүхий худалдаа ахуйн үйлчилгээ, 880 м.кв  суурийн талбай бүхий ЖДҮ-ийн зориулалтын барилга, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг  барихаар төлөвлөсөн. 

Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон  9, барьж буй 7 компанийн орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. 

Тус хороололд барьж буй барилгуудын загвар  хийц ялгаатай, хороолол доторх зам стандарт бус, барилгын ажлын шороог зөөвөрлөөгүйн улмаас сургуулийн барилгын ажил удааширч байгаа зэрэг олон шалтгааны улмаас уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 

Хэлэлцүүлгээс

  • хороолол доторх замын ажлын зургуудыг нэгтгэж, шинээр тавьж буй бүх замд үерийн сувагчлал гаргах, 
  • тус хороололд архитекторын даалгавар авч хэрэгжиж буй орон сууцны хорооллын төсөл тус бүрээр загвар зураглалыг сонгогдсон төлөөлөгч нарт нээлттэй мэдээлэл өгөх, 
  • барилга, замын өндөржилтийн зөрүү гаргахгүй байхад хяналтыг эрчимжүүлэх, 
  • хэсэгчилсэн төлөвлөлтийг алдагдуулахгүй байхад анхаарах зэргийг хэлэлцүүлэг зохион байгуулсан төлөөлөгчдийн зүгээс мэргэжлийн байгууллагынханд үүрэг болголоо.  

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, Оюут багаас сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхболд нар оролцож, 1а, 2а хороололд мөн адил 7а хорооллын төлөвлөлт, гүйцэтгэлд  тулгарч буй асуудал гарч буйг хэлж, мэдээллийг нээлттэй тавьж, хот төлөвлөлөө барьж ажиллахыг сануулсан  юм. 

 

Сэтгэгдэл: