Самрыг хуулиараа 9-р сарын 20-ноос 10-р сарын 20-ны хооронд түүхийг зөвшөөрдөг. Тэгтэл иргэд 8-н сараас эхлэн түүхий байхад нь хамаагүй түүснээс болж манай орны хуш модны ойн сангийн 70% нь устжээ... 2023. 09.29
“Цалам” ажиллагааны үр дүнд Л. Бямбацэрэн гэгч этгээдийн хууль бус уурхай ой мод хядаж, Буганат голын эхийг улаанаар нь эргүүлэн алт ухаж байгааг илрүүлжээ... 2023. 09.30
Ердөө л хоёр өдөр утсаа хоёр удаа хальтхан маажихад л энэ. Над шиг тэнэг хүн ойлгоход бэрх. Уг нь хуультай. Тэгтэл хуульгүй явдал хавтгай. Хэнд ч ойлгомжтой юм ярьсаар байтал хэнд ч хэрэггүй юм заавал асуудаг хүн байдаг даа. “Тэнэг юм уу, хаашаа юм ?!” гэж хүмүүс тээршаадаг. Нэг нь би байна. Жишээ авъя. Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш лавтай 30 жил нойр хоолгүй сэргэг, нүд цавчилгүй соргог байгаль орчноо хамгааллаа. Яамтай, газартай, хэлтэстэй, газар болгонд газрын албатай, тусгай зөвшөөрөлтэй, байцаагчтай, энд тэндгүй эко цагдаатай, элдэв лицензтэй үзэд харж, үсэрч наалдлаа. Үр дүн хаана байна? Монгол улсын нутаг дэвсгэр бараг тэр чигээрээ цөлжжээ. 90% гэж зарим нь ярьдаг ч тодорхой тоо баримт бага дурдмаар байна. Нэгдүгээрт, тэнэг хүн өөрөө самуурна. Хоёрдугаарт, тоо баримт хуурай. Их тоочвол хүмүүс амархан дөжирдөг. За тэгээд тэнэг нь цаашаа үргэлжлүүлье. 3000 гаруй гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэжээ. Ой мод гэж оочны сахал шиг хэдэн сөөвгөр юм үлдсэн нь одоо навчаа гөвөөд хөлчүү нөхөр нь ирж агсан тавихаас айсан золгүй бүсгүй нааш цаашаа саравчлан санаа алдах мэт сэвэлзэнэ. Удахгүй “гоожин” нэрээр голыг нь гогдох ажил эхэлнэ. Ашигт малтмалын лиценз гэж алгын чинээ цаас зарим аймаг сум, баг, дархан цаазат газрын нутгийг сарны гадарга шиг болгожээ. Үр дүн, зарцуулсан мөнгө хоёроо харьцуулахаар тэнэг хүний ч гол харламаар. Муусайн тэнэгүүдийн гол харлаж ч байг уу?! Шулуухан хэлэхэд цаашдаа ч зөндөө горойно. Яагаад?! Тэнэг хүний асуултанд тоож хариулах нь ховор учраас өөрөө өөртөө хариулъя.
Тэнэг ч гэсэн тэхий дундуур нь авдаг тал бий.
1. Сэтгэлгээ.
Тэнэг хүнд ч заримдаа ухаантай дүр эсгэх шаардлага гардаг юм. Хэдэн тоо дурдаж ухаантай царайлъя. Монгол улсад өнөөдрийн байдлаар Үндсэн хуулиа оруулаад нийтдээ 821 хууль, эрхийн актууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнээс газрын тухай хууль, ойн сангийн тухай хууль, ашигт малтмалын тухай хууль гэх мэтчилэнгээр нийт 37 хууль нь шууд болон дам байдлаар байгаль орчин хамгаалах бодлого, үйл ажиллагаатай холбогдоно. Уг нь эдгээр хуулиа нийгмийн харилцааны макро, микро бүх түвшинд ягштал хэрэгжүүлэхэд л байгаль бүтэн, дэлхийн цөм нэг тийшээ хүлхийснээс бусад байгаль орчны өөрчлөлт, хөнөөл сүйтгэлийг барих ёстой хэмжээнд нь торгоогоод байх боломж бүрэлдэнэ. Тэгтэл хууль гэж гууль. Яагаад?! Манайхан өмч гэхээр машин, байшин гэж ойлгоод байдаг. Биш юм, өмч бол харилцаа. Харилцаанд орж гэмээн байшин сав, машин тэрэг чинь үнэтэй болдог, харилцааны субъект болдог. Үнэгүй бол зүгээр л талбай, зүгээр л төмөр.
Түүнтэй адил байгаль орчин бол зүгээр нэг шүлэг зохиодог, уйлдаг уянгалдаг, аялдаг жуулчилдаг, бүх юм нь үнэгүй бөөрөнхий хорвоо басчиг биш.
Энэ бол харилцаа, тэгэхдээ бүр эдийн засгийн амин чухал харилцаа. Тийм ч учраас хуулиар зохицуулаад байгаа юм. Харин хууль бол хэм хэмжээ, голдуу хориг буюу санкцаас бүтсэн эрхийн акт. Торгоно, яллана. Том толгой гаргавал торны цаана ч суулгах заалттай. Тэгтэл торгуулахаас, яллуулахаас айхгүй хууль зөрчөөд байдаг нь ямар учиртай юм? Хуулийг гууль болтол алт ухаад, мод огтлоод, самар түүгээд, булаг шанд буртаглаад, өвс ургамал үндсээр нь тасдаад байдаг нь ямар хүчтэй юм? Хариулт нь санаанд оромгүй энгийн. Хууль зөрчих нь эдийн засгийн хувьд ашигтай ажгуу. Бид зах зээлийн эдийн засгийн нийгэмд амьдарч байна. Энэ бол ашгийн тогтолцоо. Ашиггүй юм бүгдийг нийгмийн харилцаанаас шахан гаргадаг механизм. Хуулиа ягштал биелүүлэх нь эдийн засгийн хувьд ашиггүй байхад хэн хууль биелүүлэх юм бэ?! Хууль зөрчиж алт олборлох нь ашигтай, хууль зөрчиж самар түүх нь ашигтай, хууль зөрчиж модны хулгайн мафи зохион байгуулах нь ашигтай. Хууль зөрчих нь ерөөсөө л эдийн засгийн хувьд ашигтай. Социологчдын үзэж буйгаар нийгмийн харилцааны 70%-д эдийн засгийн харилцаа ноёлдог. Зах зээлийн эдийн засгийн харилцаа зөвхөн ашгийг шүтнэ. Ашигтай юм бүхэн шударга гэж үзнэ. Нийгмээрээ бөөн шударгууд, хэнхдэг цээжээ хэмхэртэл нүдээд шударга ёс зий ч алга хэмээн хингэнэтэл санаа алдах ч яс юман дээр бүх юм маш шударга байгаа биз дээ. Бид “шударга бус”-ыг хууль талаас нь буруутгадаг ч ёс зүйн талаас нь зөвтгөх аястай байдаг нь ийм учиртай. Үүнийг л тэнэг нь СЭТГЭЛГЭЭ гээд байгаа юм. Бид нар хууль биелүүлэхийг эдийн засгийн хувьд ашигтай болгож чадсан цагт л хүнлэг энэрэнгүй нийгмээ ч байгуулж чадна, байгалиа ч хамгаалж чадна. Цайны дээж өргөж байгаа юм шиг бэлэн мөнгө цацаад, тараагаад явахын нэр биш л дээ. Жишээ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” хөдөлгөөнийг бид түр зуурын кампаанит ажил бус наад зах нь тогтвортой ажлын байрны уян хатан тогтолцоо, цаашилбал сая мод тарьсан хүн хорин жилийн дараа баараггүй тэрбумтан болдог хөшүүрэг болгоод явахыг л хэлээд байгаа юм. Хаа хамаагүй хийсвэр юманд хөтлөгдөөд хамхуул царайлаад байгаа ч юм биш, Монгол улсын Ерөнхийлөгчийн санал санаачлагын хүрээнд байгуулагдсан “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв”-ийн үйл ажиллагаа гээд бэлээхэн жишээ байж байна. Тэгтэл эсрэг талд нь хоёр сая мод тарьсан хөдөлмөрийн баатар тэтгэврээс өөр орлогогүй, тэрбумтан болох тухай мөрөөдөх нь битгий хэл зүүдлээ ч үгүй баргар жишээ . Говьд мод таръя гэхээр газар олддоггүй, нүх ухъя, нүүрс зөөе гэхээр гялс манас бүтдэг нь нөгөөх л ашигтайнх. Нийгмийнхээ харилцааны зонхилох ноён нурууг, тэгэхдээ хүний бүр төрмөл мөн чанар болсон “ашиг эрэлхийлэх” араатанлаг зөн билэгт тулгуурласан эдийн засгийн харгис ширүүн харилцааг дан ганц “хорино, цагдана, торгоно” гэдэг бурангуй заалтаар бурантаглана, хэм хэмжээнд нь оруулна гэдэг ний нуугүй хэлэхэд нэлээд үнэмшил муутай. Тэгээд ч хатуу чанга хууль биш амьдралд нийцсэн хууль л хэрэгждэг юм. Чин үнэнийг чимэггүй хэлэхэд “тэнэг” хүмүүс энгийн, ойлгомжтой хууль л хүсдэг. Хичнээн тэнэг ч 37 хууль уншталаа “тэнэгэрнэ” гэж юу байхав дээ. Манай өвгөд дээдэс айхтар. Нэг л хуультай байсан. Тэр нь НҮГЭЛ. Газар сэндийлбэл нүгэл, гол горхи, рашаан усны эх буртаглавал нүгэл, шаасан гадсаа сугалж аваад ормыг нь бөглөхгүй бол нүгэл гээд цаашаа хязгааргүй хөврөх ч нүгэл гэдэг нэг л ойлгомжтой зүйл ангитай байв. Энэ үг хүнийг сэтгэлдээ хуультай болгож байв. Сав, шим ертөнцтөй харилцах бүх харилцаагаа “нүгэл” гэдэг ганцхан үгээр хулдаад ёс суртахууны хэм хэмжээ болгоод хантайрчихаж байв. Сэтгэлдээ хуульгүй бол мянган хууль гаргаад яах юм бэ?! Тийм ч учраас нүгэл чиг нүглээс хумсын чинээ ч айхаа больжээ. Нүгэл хийх “аймаар” ашигтай, өөрөөр хэлбэл, “аймаар” шударга болжээ. Хорыг хороор гэдэг дээ. Одоо тэгвэл нүглийг “ашиг”-аар солих цаг болсон. Ашиг биднийг сэтгэлдээ хуультай болоход туслах ёстой. Түүнээс бус дунд сургуулийн байгаль орчны хичээлээр байгаль хамгаална гэж сэтгэх нь харганы ноос түүж эсгий хийгээд хадмындаа очихоос ялгаагүй гэнэн хэрэг. Гэнэн, тэнэг хоёр хөтлөлцөөд гүйвэл тэгээд л энэ улс дууслаа гэсэн үг шүү. Байгаль хамгаалах нь эдийн засгийн хувьд ашигтай тогтолцоо болох ёстой. Ганцхан яам, газар, аймаг сум, бүх шатны бүх төрлийн байцаагч нарт ашигтай төдийгүй бүх хүнд ашигтай тогтолцоо болох ёстой. Үүнийг л СЭТГЭЛГЭЭ гээд байгаа юм.
2. Тогтолцоо.
БОАЖЯ гэж нэг том институц байна. Би яамыг эх орноо их Нацагдоржийн “Миний нутаг” шиг том зургаар нь хараад эрс тэс уур амьсгал, сав, шим ертөнц, флора, фауных нь (амьтан, ургамлын аймаг) нэгдэл дээр том бодлогоо зангидаж суудаг газар гэж ойлгодог. Том бодлого гэж засаг барьсан намын 4 жил хийх ажлын хөтөлбөрөөс хамаагүй тавиу, тавин жил татаагүй баримтлах зарчмыг хэлж байна. Бодлого хууль болж гэмээн тогтвортой болдог. Манай цорын ганц бодит эдийн засаг болох уул уурхайн салбартай уялдаад бодлого тогтворгүй, салбарын хууль савлах тал бий ч “санкц” утгаа алддаггүй, үргэлж хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл, бодлого байж байдаг. Тэгтэл “босоо голч”-ийн том бодлого дороо, хэрэгжих шатандаа очоод “хэвтээ голч”-ийн жижиг ашиг сонирхолд салам цохиулдаг. Жишээ хайж хол яваад яахав. Энүүхэн Хангал сумын нутаг, Бизъяагийн ам гэдэг газар ойн сан дотор зуслангийн газар олгосон нь тэр хавийн олон хүний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд удаж байна. Ой дотор хашаа барьчихсан, хашаан дотроо жорлон ухчихсан амар сайхандаа жаргах юм, нөгөөдүүл чинь. 2008 онд шинэчлэн найруулсан Ойн сангийн тухай хуульд зааснаар бол модны захаас 200 метрээс дотогш газар олгохыг хориглосон байдаг. Том зураг, жижиг ашиг сонирхолд ингэж дэвжээн дээр ч гарч амжилгүй нам тавиулдаг нь хаа сайгүй нийтлэг жишиг болж хавтгайрчээ. Үндсэндээ цагаандаа гарсны шинж. Орон нутаг, засаг захиргааны нэгжийнхэн гэж манжийн үеийн хошуу ноёд шиг дураараа аашилсан бүлэг феодалууд довон дээрээ энгэр заамаа яран хаахалзана. Үүнийг нутгийн өөрийгөө удирдах ёсоор халхавчлан цагаатгадаг нь нэг талдаа нэгдмэл Монгол улсын нутаг дэвсгэрийг хувийн эдлэн маягтай ашиглаж буй туйлын тавьтаргүй хэрэг ч нөгөө талдаа эрх зүйн тогтолцоонд бодлого хүчгүйдэх хэмжээний том ангал угаасаа байдгийн шинж. Нэг мод, нэг горхи булаг, нэг метр квадрат хөрсөн дэхь ургамлын бүтцийг хадгалахад чиглэсэн ажил, эрх зүйн түгээмэл шаардлагыг нэг жижигхэн байцаагч түшмэл, аймаг сумын явцуу ашиг сонирхол бус улс орон төдийгүй айл хөрш улс орон, даян дэлхий дахины хүний үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, түүнээс улбаатай байгалийн доройтлын эсрэг тэмцлийн нийтлэг эрх ашиг, бүтэц зохион байгуулалтанд нийцүүлэх нь үнэхээр тулгамдсан асуудал мөн. Энэ бол дэгсдэл огоот биш, бодит байдал юм. Монгол улсын иргэн зуслангийн газартай байх, зугаалах, амрах, алжаалаа тайлах, байгалийнхаа хишгийг хүртэх дархан эрхтэй, гэхдээ энэ эрхийг давхар байгаль хамгаалах зорилттой уяж өгөх, тодорхой хугацаа, болзолтойгоор эзэмшүүлэх, гол нь эдийн засгийн хувьд ашигтай байх тэрхүү механизмтай холбож өгөх эрх зүйн орчинг нэг мөр цэгцлээгүй цагт хуулийг гууль болгох нь ашгаа өгсөөр байх болно. Үүнийг хуулиа ягштал мөрдөх нь эдийн засгийн хувьд ашигтай механизмаар солих ёстой. Үүнийг л ТОГТОЛЦОО гээд байгаа юм.
Надаас тэнэг хүн гэж юу байхав. Тэгэхдээ биднээс тэнэг байгаль гэж бүр байхгүй шүү дээ.
Тэр анаж, анаж байгаад нэг өдөр тэлээгээ тайлаад босдог аав шиг л аашилдаг. Тэнгэр газрыг нийлдэг гөвшинө. Үүнийг манай ард түмэн галав юүлэх гэдэг.
Дэлхийн геологийн түүхээр багцаалахад арван хоёр мянган жил тутамд нэг галав юүлдэг бололтой. Саяхан 25-р телевизээр гарсан сонин нэвтрүүлэгт дэлхийн цөм нэг тал руугаа цүлхийсэн, зарим газраа газрын гадаргаас 5 км хүртэл буюу хүүхдийн зулай шиг нимгэн болтлоо түрж орж ирсэн, үүнээс болоод хойд туйлын мөс хайлснаар дэлхийн уур амьсгалын их өөрчлөлт явагдаж байна, үүнд хүний үйл ажиллагаа ямар ч хамаагүй, өнөө маргаашгүй галав юүлэхэд гайхах юмгүй, хүн төрөлхтөний хамтын хүчин чармайлт л энэ гамшгаас хамгаалж чадна гэсэн утгатай нэвтрүүлэг гарч олныг баахан шуугиулав. Тийм ч байж мэднэ, үгүй ч байж болно. Хамтын хүчин чармайлтанд уриалахыг бодоход байгаль орчны доройтол, түүнийг авран хамгаалах аль, алинд нь хүний оруулсан хийгээд оруулах хүчин зүйлийг хүлээн зөвшөөрсэн хэрэг. Тиймээс бид нэн түрүүн өөрсдийнхөө цөм буюу тархи толгойгоо байгалийг барагддаггүй, ёроолгүй, зөвхөн бидний хэрэгцээг хангаж байх ёстой өгөгдөл мэт ойлгодог, хайр гамгүй ханддаг нэг туйлшралт цүлхийлтээс ангижруулах нь энэхүү нийтийн хүчин чармайлтанд оруулж буй хувь нэмэр мөнөөсөө мөн гэдэгт бат итгэж байна.
Монголчууд “Галуу шувууны дэгдээхэй гаднаа гараад ганганаж байна, голын хайртай гоож нанаа нь галав юүлтэл дуулж сууна аа” гэж хун, галуу мэт хуран цуглаад хадаагаараа найран дуулан цэнгэх бөлгөө.
Гоё оо, гоё. Найрын улирал, намрын улирал сайхан, сайхан. Гэхдээ хун, галуу ховордож, гол ус ширгэсний дараа галав юулдэг юм биш байна шүү. Дуулдаг хуурддаг биш ч гэсэн дур зоргоо эрх ашиг гээд ойлгочихсон “Гоож Нанаа” нараас болоод хун, галуу, хүн нь байсаар атал ч галав юүлэх магад юм байна шүү.
3. Сиймхий
Ер нь байгаль биднээр хамгаалуулаад байх эмзэг турьхан юм мөн үү? Тэнэг нь тэнэгээ улам бататгаад бас нэг асуулт тавьж байна шүү. Динозаврууд багцаагаар 165 сая жилийн өмнө сөнөжээ. Багцаагаар динозаврын настай харьцуулахад дэлхий үүсээд зургаан тэрбум жил болсон юмдаг уу даа. Тэгээд хүний насыг дэлхий үүссэн настай харьцуулахад ердөө л найман секунд амьдардаг юм байна. Африкийн гавлын ясны олдвороос харахад хүн үүссэн хугацааг уртасгаад, уртасгаад 3 сая жил. Ингээд бодохоор хүн төрөлхтөн, хүн гэдэг бодгаль дэлхий хэмээх аварга том сав, шим ертөнцөд ургасан нүд ирмэх зуурын настай бурви л юм. Био масс төдийхөн л юм. Бид даварвал байгаль нэг шилгээхэд л хангалттай. Биднээс үс ч үлдэхгүй. Биднээс өмнө найман секундын настай хэдэн ч хүн төрөлхтөн алга болсон юм, бүү мэд. Тэгэхээр яс чанартаа бид байгаль хамгаалах тухай бус өөрийгөө хамгаалах, оршин тогтнох хугацаагаа л уртасгах тухай ярьж байгаа юм. Үүнд дээр дурдсан сэтгэлгээ, тогтолцоо хоёр хамаарна. Сэтгэлгээ, тогтолцоо хоёр нь эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ харснаас бодлого, хэрэгжилт хоёр алд дэлэм зөрснөөр СИЙМХИЙ үүснэ. Үүнийг улс төрийн орчилд засаглалын хямрал ч гэдэг тал бий. Хувхай талд нь хуудуу гэдэг шиг ухвар мөчид хүмүүс дураараа дургих орон зай цэлийтэл нээгдэнэ. Дээрээ эрх сүрээр далайлгана, дороо ядуугаараа түрээ барина. Ядуу хүмүүс байгаль хамгаална гэдэг шиг худлаа юм байхгүй. Самар жимс, амьтан ургамал, мод чулуу гээд тааралдсан болгоноо цөлмөнө. Гэхдээ байгалийн баялгаар хөлжсөн нь байгалиа хамгаалдаг гэвэл бас л дэгс. Зардал, эрсдэл ихтэйгээр далайлгаад уул уурхайд байгалийн нөхөн сэргээлт хийхдээ их хойрго. Ийнхүү өөр, өөрийнхөө орон зайд дүрэмгүй тоглолт хийдэг нь СИЙМХИЙ юм. Сиймхийгээр аваа өгөө, жагсаал цуглаан, хийрхэл дөвчигнөл дүрдхийгээд өнгөрнө. Бүгд тавилттай. Арабын Эмиратынхан Монголын шонхорыг хүйс тэмтэрлээ гэж сошиал ертөнцийг шуугиулна. Жил бүр 3 мянга гаруй шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг нь тоо толгой, нөөцийг нь судлаад л гаргадаг тэр хэдэн шонхороос гурав дахин их нь сиймхийчдэд “түй” ч хамаагүй. Шонхорын нэрээр шоу хийгээд л гарна. Ийм жишээ уул уурхайн салбарт уудлаад баршгүй их.
Энэ сиймхийг юугаар бөглөх вэ?
Хэдий нүгэл чиг нүглээс айдаггүй бөх зүрхтэнүүд бужигнадаг ч энэ орон зайг экологийн соёлоор л эвтэйхэн, ягуухан дүүргэж эхлэх нэг л арга харагдаж байна. Хүн байгалийн нэг хэсэг гэдэг нь маргашгүй үнэн. Тэгэхээр хүний хийж байгаа, үйлдэж байгаа бүхэн байгалийн өөрийнх нь хүсэл зориг, илүү дээд эрэмбийн өөрийн зохион байгуулалтанд орох гэсэн эрмэлзлэл тэмүүллийн илэрхийлэл хэмээн оршихуйн үндсээ багалзуурдаж буй зэрлэг балмад үйлдлээ философ үндэслэлээр цагаатгах оролдлого үеийн үед байж иржээ. Декартын “Би сэтгэж байна, би амьдарч байна” гэх буюу сэтгэж л байвал юу сэтгэх нь хамаагүй зарчмаас аваад байгалиас хишиг горьдож суух биш булааж авах тухай бүх сиймхий нь натурализмын болхи хэлбэрүүд оршин тогтнох үндэс болж байсан юм. Манайхны байгалийн хишгээ хүртэж байна, хүн алж, хүрээ талсан биш гэж эрэлхдэг нь ч энэхүү натурализмын хүй нэгдлийн дорд хэлбэрээс өөр юм биш. Байгаль өдий хүртэл төрүүлсэн үр буюу хүний хэрэгцээг ч, шуналыг ч харамгүй хангаж иржээ.
Одоо хэрэгцээг бол хангана, шуналыг бол чадахгүй гэж эрс шулуун хэлж байгаа нь дэлхий нийтийг хамарсан дулаарал, цөлжилт, түйрэн, энэ зуны үер ус гэх мэтчилэн давагдашгүй хүчин зүйлээс бэлээхэн харагдана.
Бид байгаль эхийнхээ алтан хэвлийгээс төрсөн үр хүүхдээс амь насыг нь егүүтгэх үр могой болж хувирахыг байгаль эх зөвшөөрөхгүй. Бид байгалийн эзэн биш, бид их өөдрөгөөр бодоход л хамтрагчид. Биднээр хамгаалуулдаг байгаль ч гэж нарийндаа байхгүй. Яагаад гэвэл байгаль биднээс хавьгүй ухаантай. Тэр хаанаа модоо тарьж, хаагуур голоо урсгаж, хэвлийдээ юугаа нууж, хэнийг байлгаж, хэнийг байлгахгүйгээ хэнээр ч хэлүүлтгүй мэднэ. Өвөл хаяанд иржээ. Гоожин моожин гээд баахан түжигнэнэ. Түлээ түлшээ бэлдэлгүй л яахав. Гэхдээ өмнө нь ойн инженер очоод огтлох модон дээр нь тэмдэг тавьчих ёстой байхгүй юу. Цагаан хэрмийнхээ араар ногоон хэрэм босгосон Хятадын туршлага. Дараа нь байгаль өөрөө модоо байран дээр нь тарьчихдаг. Үүнийг л мэргэжлийн хандлага, бодлого, үйлдэл гэнэ. Байгаль бас тэвчээртэй. Дэлхийн туйл өөрчлөгдөж байгаа юм биш, байгалийн тэвчээрийн туйл өөрчлөгдөж байгаа юм. Тэр их тэвчсэн, тун их тэвчсэн. Үр хүүхдээ тэвчихгүй гээд ч яалтай билээ.
Тиймээс ч орших уу, эс орших уу гэдгээ л дэнслэх алтан боломж л байгаль хүнд олгож байгаа юм.
Энэ анзаа, үүнээс дээш сэтгэж гэмээн сиймхийг сэмхэн, ягуухан дүүргэх экологийн соёлын маань үндэс суур тавигдана. Суурь сэтгэлгээгүйгээр ямар ч соёл оршдоггүй юм. Зөвхөн сэтгэлгээ, тогтолцоо хоёроо л тэвчээр заан тасралтгүй сайжруулахаас өөр арга зам байна уу?! Хууль дүрмээ мөрдөх, байгаль орчноо хамгаалах нь иргэн болгонд эдийн засгийн хувьд ашигтай механизм болж гэмээн сая сиймхий бүрмөсөн битүүрнэ. Хонь бүтэн, чоно цатгалан байвал юутай амар. Хонь гэдэг нь байгаль, чоно гэдэг нь байгаль сүйтгэгч хүчин зүйл. Энэ хоёр тэнцвэр барьж байвал байгаль тэнцвэрээ барина. Байгаль хамгаална гэдэг чинь ердөө л тэнцвэр барих асуудал.Сэтгэлгээ, тогтолцоо хоёр тэнцвэрээ барьвал байгаль ч тэнцвэрээ барина. Хүн амын хэт өсөлт, түүнийг дагасан хэрэглээ, урбан соёл, шинжлэх ухаан техник, технологийн хөгжилд хэт шүтсэн хүний цөлмөн сүйтгэх үйл ажиллагаа байгалийн өөрийгөө нөхөн үйлдвэрлэх хурдаас хэдэн дахин давчихаад байна шүү дээ. Бодит байдал ердөө л энэ. Үүнийг л тэнцвэржүүлэхийг байгаль хамгаална гээд байгаа юм.
БОАЖЯ-ыг байгаль орчны нөхөн сэргээлтийг том төсөл хөтөлбөрүүдийнхээ гол шалгуур болгодог салбар дундын бодлого, төлөвлөлтийн институц төдийгүй оршихуйн үндсээ судалдаг салбар дундын “дата” бааз болгож гэмээн сая сэтгэлгээ, тогтолцоо хоёрын дундуур амьд хүмүүсийн амьд бүтээлч хандлага гүелзэн урсах боломж бүрэлдэнэ.
Амьд, бүтээлч хандлага хэрэгжиж эхэлбэл хэрэглээний соёл, байгальд хандах философ хандлагыг амьдралын хэв маяг болтол нь шинэ түвшинд гаргах соён гэгээрлийн ажлыг тасралтгүй явуулах “сиймхий” бас гарна.
Б. Баттогтох
Сэтгэгдэл: