Нийтлэл, сурвалжилга | 2023-09-11
Эрт илрүүлэг өөрийгөө болон хайртай хүмүүсээ аврах боломж юм
А.Админ / 1223
Эрт илрүүлэг өөрийгөө болон хайртай хүмүүсээ аврах  боломж юм

        -Хоёр жилд 28 хүнд амьдрал, баяр хөөрийг бэлэглэв-

Өнгөрсөн оны тавдугаар сард эрт илрүүлэг, үзлэг оношилгоо  улс, орон даяар эхэлж байв. Орхон аймгийн  БОЭТ /Бүсийн оношилгоо эмчилгээний төв/  эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо эхэлсэнээс хойш  нийт 6000 гаруй иргэнд дурангийн шинжилгээг амбулаториор  хийжээ.  Үүнээс  урьдчилан сэргийлэх үзлэгийг  4000 орчим иргэнд хийж, ходоод болон улаан хоолойн  хорт хавдрын  31тохиолдлыг  илрүүлэв.

Харин амбулаторийн үзлэгтэй тооцвол хорт хавдрын 62 тохиолдлыг илрүүжээ. Эрт илрүүлгээр илрүүлсэн 31 тохиолдлын 20 нь эрт үедээ буюу нэгдүгээр шатандаа оношлогдож бүрэн эмчлэгдсэн бол хожуу шатны гурван тохиолдол байна.

 Тодруулбал, улаан хоолойн эрт үеийн хавдрын найман тохиолдлыг нэгдүгээр шатанд нь, ходоодны амсрын хавдрын 23 тохиолдлыг 1,2,3,4 дүгээр шатанд нь илрүүлэв.

Хорт хавдрыг   урьд жилүүдэд  ингэж олноор эрт үед нь илрүүлж  байсан удаа үгүй.  Улсын хэмжээнд өрнөж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээний цор ганц зорилго зорилт нь ерөөс энэ юм.  

63 НАСАНДАА АНХ УДАА ХОДООДОО ДУРАНДУУЛСАН НЬ...

“Энэ өдрөөс таван сарын өмнө өрхийн эмнэлгээс эрт илрүүлэгтэй орох урилгаа аваарай гэж яриагүй бол, тэр үед цааргалж, хойш суусан бол өнөөдөр ингээд хамаг айдгаа ардаа хийчихсэн инээгээд суухгүй  байсан болов уу. Эмч нар “алтан” гартай. Ёстой буян нь дэлгэрсэн, бурхан шиг хүмүүс” гэсээр бидний яриа эхлэв.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн иргэн Д.Даваадорж  өдгөө 63 настай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж,  ходоодны хорт хавдраа эрт үед нь илрүүлсэн 20 хүний нэг юм.

“-Ах нь  азтай. Ходоодонд үүссэн өөрчлөлтөө  авахуулсны дараа хортой хавдар тээж явснаа  мэдсэн. Энэ “муу” ходоод нэг ч удаа цанхайж, хатгаж өвдөж байгаагүй болохоор  дурандуулах тухай  бодож явсангүй. Тэр муухай зүйл чинь хумсны чинээнээс атгасан гар шиг томрох хүртлээ зовиургүй байдаг юм гэсэн.  Хортой хавдар гэж сонсоод цочирдсон. /хэсэг чимээгүй болов/  Эмчдээ л их баярладаг юм.  Дурангийн Г.Шагдарсүрэн эмч залуу хүн гэхэд  их сүрхий, чадвартай эмч. Эрт илрүүлэгт хамрагдсаны үр дүнд хэдэн жилийн настай  боллоо.   Хэрэв үзүүлээгүй  бол хэзээ мэдэж, хэд наслах байсныг ёстой мэдэхгүй.

 Одоо ахад нь ямар ч зовиур байхгүй. Та нэг дурандуулах ёстой шүү гэж захиж байна лээ. Ойрмогхоноос дурандуулна даа  гэсээр” баяр, бахдалын үгсийг ар араас хөврүүлэх нь тэр ээ. 

Өмнө нь ганц нэг шээс, цусны  шинжилгээ өгөх, зүрхий цахилгаан бичлэг, хэвлийн  эход харуулахаас хэтрэхгүй эмнэлгээр ирэн очин явсан Д.Даваадорж өдий наслахдаа нэг дор олон шинжилгээ өгсөн нь  урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо байв.

Үр дүнд нь  ирээдүйд нүүр тулах үй түмэн айдас, аюулаас  өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан  хамгаалж чадсан нэгэн.

Монголын мянга мянган Даваадорж  эрт илрүүлэгтэй хамрагдаж хорт хавдар гэх өвчнөөс ангижирч,  зарим нь хатуу үнэнтэй нүүр тулж,  мэдээ ч үгүй яваа   нэг хэсэг бий нь  бодит үнэн билээ.

ЭМЧИЙН ЗАХИАС: ӨВДСӨН Ч  ӨВДӨӨГҮЙ Ч ХОЁР ЖИЛ ТУТАМД ЗААВАЛ НЭГ УДАА ДУРАНДУУЛ

Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр  дэлхийд хоёрт ордог. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүдийн өвчлөлөөр тэргүүлдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ач холбогдол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны салбар,  дурангийн оношилгоонд дэндүү чухал.  Нэг удаагийн дурангийн шинжилгээгээр   улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний дээд өвчлөл гээд гурван эрхтэнийг оношилдог учраас тэр шүү дээ   хэмээн  БОЭТ-ийн дурангийн эмч Г.Шагдарсүрэн хэлж байна.

“Ходоодны хорт хавдар  эрт үедээ илэрч байгаа хүмүүсийн дийлэнх нь анх удаа дурангийн оношилгоо хийлгэсэн ” гэх эмчийн үг аанаа л  Монголчуудын хэнэггүй занг илтгэнэ.

Эрт илрүүлгээр хорт хавдар  илэрсэн хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл 46-60 насанд 10 тохиолдол, 61-ээс дээш насанд 21 тохиолдол байна. Үүнээс харахад нас ахих тусам хавдраар өвчлөх эрсэл өндөр байна.

 Угтаа бол 40-өөс дээш настай л бол өвдсөн ч өвдөөгүй ч хоёр жил тутамд заавал нэг удаа улаан хоолой, ходоодны  дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья гэвэл заавал дурандуулж байгаарай гэж  Г.Шагдарсүрэн эмч захина лээ.

Хавдар гэгч өвчин урт хугацааны  амьдралын буруу хэвшил, хэв маягаас үүдэлтэй олон хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог. Эрүүл зөв хооллож, эмнэлгийн байгууллагад тогтмол үзүүлэх цаашлаад  атгасан гар шиг хэмжээтэй ходоод гэх жижигхэн эрхтэн хүний сэтгэл санаатай  шууд холбоотойг ахин дахин  сануулж хэлэх  нь “өөртөө хайртай бай”  гэсэн эмчийн  гуйлт ч юм  шиг  санагдав.

САЛСТ ХУУЛАХ ЭМЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА НУТАГШУУЛАВ

Бусад аймгуудтай харьцуулахад Орхон аймагт эрт үедээ  оношлогдож байгаа хавдрын тохиолдлын тоо их. Орон нутагтаа орон нутгийн эмч нар нь хавдрыг эрт үед  илрүүлж, түүнийгээ эмчилж байгаа нь гойд сайн.    Хорт хавдрыг эрт үед нь илрүүлж оношилход эмч нарын ур чадвар,  тоног төхөөрөмжийн хүчин чадал,  иргэдийн идэвх оролцоо салшгүй холбоотой.  Хавдар гэгч өвчин эдгэдэг.  Гэхдээ эрт үедээ оношлогдсон үедээ. Эрт үедээ буюу нэгдүгээр шатандаа оношлогдвол   эмчилгээ авах боломж 90-ээс дээш  хувь, хоёрдугаар шатандаа эмчлэгдэх боломж нь 50 хувь. Нэгдүгээр үедээ оношлогдсон хавдрын хэлбэрээс хамаарч эмчлэх арга нь өөр, өөр.   Эрт үедээ илэрсэн хавдар өөр эрхтэнд үсэрхийлэх нь маш бага буюу 0,02 хувьтай байдаг учир ихэнхдээ дотор талаас нь ходоодны дурангаар хуулах эмчилгээг хийдэг.

Дурангийн шинжилгээ хийсэн л бол хавдрыг оношилдог гэвэл өрөөсгөл ойлголт.  Оношилж чадахгүй байх магадлал  өндөр буюу эмч нарт  алдах эрсдэл  бий.

Хоол боловсруулах эрхтэнд үүссэн өөрчлөлтийг харж чадна гэдэг тухайн эмчийн ур чадвар, үүссэн өөрчлөлтөөс цэг шиг хэмжээтэй эдийг  зөв, оновчтой авч чадах эсэх нь бас л эмчийн ур чадвар.  

Орхон аймагт хорт хавдрын эрт үеийн  салст хуулах эмчилгээ 2018 оноос эхлэлтэй.  Тухайн үед “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр Г.Шагдарсүрэн эмч хамтран 40 гаруй, бие дааж 10 гаруй энэ төрлийн эмчилгээг гардан хийж, үндэс суурийг нь тавьсан эмч нарын нэг.  Эрт илрүүлэг эхэлснээс хойш Г.Шагдарсүрэн эмч урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлсэн хүмүүсийнхээ  14 -т нь өөрөө гардан хуулах эмчилгээг хийж, илааршуулаад байна.   

Эрт үед нь илрүүлээд салст хуулах эмчилгээ хийлгэх  хүндэрсэн үед нь ходоодоо тайруулах хоёрын дунд   тэнгэр газар шиг ялгаа бий. Үгүй ядаж эрт үедээ ходоодоо бүтнээр нь авч үлдэнэ.

Бусад аймгуудад  нийслэл хотоос баг очиж цөөн тохиолдлыг эмчилж байгаа бол Орхон аймгийн БОЭТ-ийн эмч нар орон нутагтаа хорт хавдрын эрт үеийг оношилж, эмчилж буйгаарай ялгаатай.  

“Урьдчилан сэргийлэх үзлэгт олон хүн хамрагдах хэрээр хавдрыг эрт үед нь оношлох боломжтой” гэсэн эмчийн үг туйлын үнэн.  Хавдрын тухай  дуулгах төдийд  үхлийн тухай  хамгийн эхлээд бодож,  хачин ихээр  амьдралд хоргодсон үгсийг унагадаг гэнэ лээ.

Ерөөс эрт үедээ илрүүлбэл үхлээс өөр “амьдрах” сонголт бий гэдгийг эрт илрүүлэгтээ хамрагдаж, хайртай бүхэндээ үлдсэн  эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж буй олон, олон хүний жишээнээс харж болно.

ЭМНЭЛЭГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ДУРАНГИЙН ТООГ НЭМЭВ

Одоогоос хоёр сарын өмнө БОЭТ урьдчилан сэргийлэх үзлэгээр өдөрт 15 иргэнийг дурангийн шинжилгээнд хамруулдаг байв. Байгууллагын дотоод зохион байгуулалтаар Дурангийн нэгж бий болгож, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлснээр өдөрт 30 иргэнийг дурангийн шинжилгээнд хамруулж хүлээгдлийг багасгаад байна.

БОЭТ-ийн Дурангийн нэгж  9 дурантайгаагаас 5 нь ходоодны, бүдүүн гэдэсний 1, уушгины 1, цөс нойр булчирхайн нэг дуран бий. Байгууллага өөрсдийн нөөц боломжоороо  бүдүүн гэдэс, улаан хоолойн дуранг 188 сая төгрөгөөр, шээлгүүрийн нэг дуранг 112 сая төгрөгөөр худалдан авч хүчин чадлаа нэмжээ.

Хүлээгдлийн өөр нэг шалтгаан нь тоног төхөөрөмжийн ариутгалын бодис юм. Дунд төвшний ариутгалын  бодисоор нэг үзлэгээс нөгөө үзлэгийн хооронд тоног төхөөрөмжөө ариутгахад  30-40 минутыг зарцуулна. Дурангийн нэгжийн гурван эмчийнхээ  ариутгалын бодисоо солих хүсэлтийг эмнэлгийн удирдлагууд нааштайгаар хүлээн авч шийдвэрлэн, дээд төвшний ариутгалын бодисоор сольжээ. Ингэснээр нэг үзлэгээс нөгөө үзлэгийн хоорондох тоног төхөөрөмжийн ариутгалын хугацаа 15-20 минут болж, хэмнэсэн цаг хугацаагаа иргэндээ зарцуулах боломжийг бүрдүүлээд байна.

“Орон нутагтаа  хавдрын эрт үеийн эмчилгээг нутагшуулах нь  эмч хүний хувьд бодож явсан зорилго байлаа.  Нэг үеэ бодвол тоног төхөөрөмж сайхан боллоо. Олон улсад ажилбарын төвшинд авч үздэг дурангийн оношилгоог илүү өндөр төвшинд хийхийн тулд бодлогын хэмжээнд шийдвэрлэх ёстой асуудлууд бий.  Гэлээ гэхдээ эмч нар бид илүү чадавхжиж, илүү олон хүнийг оношилж,  эдгээх  ёстой”  гэж  бодлоо хуваалцсан Г.Шагдарсүрэн эмч болон түүний баг хамт олон мэргэжлийн асар их   “шунал” тээж явдаг нь илт.

Орхон аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагааг  өргөжүүлж өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Бусан, Дэгү хоттой хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд  эмч нарыг мэргэшүүлж, сургалтад хамруулах талаар яригдаж буй. Мөн тус хоёр хотын эрүүл мэндийн байгууллагаас аймгийн БОЭТ-д Алсын зайн оношилгооны төвийг байгуулсан.  Эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн Солонгосын хоёр хоттой байгуулсан энэхүү хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч залуу эмч нарын санаж, бодож, зорьж яваа олон ажил орон нутагтаа хэрэгжиж  үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Орхон аймаг эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нийт 106145 хүн хамруулахаас 37523 иргэнээ буюу нийт хүн амын 35.3 хувийн хамруулаад  байна. Энэ нь 21 аймгаас хоёрдугаарт бичигдэж байгаа үзүүлэлт юм. Хамрагдсан 37523 хүний  25782 нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, нийт хамрагдалтын дийлэнх хувийг хүүхдийн үзлэг эзэлж байна. Насанд хүрэгчдийн үзлэгт 11741 иргэн хамрагдсан нь  18-с дээш насны үзлэгт хамрагдах иргэдийн 17 хувийг эзэлж байгаа нь чамлах тоо мөнөөс мөн. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээ боловсруулснаа танилцуулсан.

Үүнд,

  • БОЭТ-тэй хамтран Жаргалант суманд эрт илрүүлгийн явуулын үзлэгийг  энэ сард зохион  байгуулах,
  • Төрийн болон аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд ЭМГ-т үзлэгт хамрагдах албан хаагчдын мэдээллийг албан бичгээр илрүүлэх, үзлэгийн хуваарийн дагуу тухайн ажилтныг ажлаас чөлөөлж үзлэгт хамруулж хамтран ажиллах,
  • Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын 18-30 насны залуучуудыг эрт илрүүлэгт хамруулах, бүртгэлжүүлэхэд Баян-Өндөр сумын ЗДТГ дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах,
  • Шинээр ажил горилогчдыг эрт илрүүлэгт хамрагдсан байх нөхцөлийг бүрдүүлсэн байхад анхаарахаар болжээ.

Улсын хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг эхлэхтэй зэрэгцэн Орхон аймгийн БОЭТ-ийн дэргэд Эрүүл мэндийн дэмжих төв ашиглалтад орсон билээ. Өдгөө тус төвд урьдчилан сэргийлэх үзлэг төвлөрч иргэдэд үйлчлэхээс гадна “Баян-Өндөр мед”, “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр явагдаж буй.

Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад оруулахад улс болон орон нутгийн төсвөөс  нийт 2 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.  Ингэхдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үзлэг шинжилгээ болон оношилгооны 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Ийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хоёр жилийн хугацаанд Орхон аймаг 31 иргэнийхээ хорт хавдрыг оношилж 28 иргэндээ амьдрал бэлэглэж,  ар гэрт   нь бүтэн амьдралыг үлдээв. Өнөөдөр хэчнээн  нь өнгөрсөн цаг хугацаандаа харамсаж,  амьдралд, хайртай бүхэндээ хоргодож буйг хэлж мэдэхгүй. Бас  хэд нь өдөр, өдрийн нарыг харах хувьтайдаа талархаж, баяр баяслыг мэдэрч буйг мэдэхгүй... Эрт илрүүлэгтэй хамрагдаж  өөрийгөө аврах,  хайртай бүхэндээ үлдэх боломж бий шүү гэдгийг үүгээр уламжилъя. Хорт хавдарт үхлээс өөр  сонголт бий. Тэр нь эрт үедээ оношлуулбал амьдрах сонголт юм.

Сэтгүүлч С.Дуламсүрэн

 

 

Сэтгэгдэл: