Зам тэврийн ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж, түүнд бага насны хүүхэд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хүүхдүүд гэр, сургууль, цэцэрлэгийн орчинд аюулгүй, аливаа хүчирхийлэл, болзошгүй осол гэмтлээс ангид байх ёстой. Гэвч хүүхдүүд гэр, сургуулийн орчинд, хашаандаа тоглож байхдаа ч зам тээврийн осолд өртөж байгаа нь хамгийн харамсалтай.
Орхон аймгийн хэмжээнд 2022 онд хүүхэд өртсөн зам тээврийн 20 осол бүртгэгдсэн. Үүний улмаас 19 хүүхэд хүнд хөнгөн бэртэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна
Эдгээр 20 хүүхдийн 16 нь явганаар, хоёр нь тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа, хоёр нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяр:
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Орхон аймгийн хэмжээнд 9 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын ихэнх нь Оюут, Уурхайчин багт гарсан. Хүүхдүүд хичээл орох, тарах цагуудад зам тээврийн осолд өртдөг. Дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж байгаа нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хүүхдүүд гарцаар гарахгүй байх, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд өртөж хохирдог.
Замын хөдөлгөөний тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно
ХҮҮХЭД ӨРТСӨН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ТОО НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Аймгийн хэмжээнд 2021 онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын тоо 4 дахин нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зөв тээвэрлэх, зориулалтын хүүхдийн суудалд суулгах, суудлын бүс зүүлгэж хэвшүүлэх, машины цонхоор хүүхдийн толгой, гарыг нь гаргахгүй байх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяр санууллаа.
БИД ХҮҮХДҮҮДЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА
Зарим тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг тал бий. Хүүхэд өөрөө томчуудын толь байдаг. Гэтэл хүүхдээ хөтөлж зам гарахдаа улаан гэрлээр, гарцгүй газраар гарах нь буруу үлгэр дуурайлал болж дараагийн удаа ингэж болно шүү гэдгийг ПРАКТИКААР ҮЗҮҮЛЖ БУЙ БОДИТ ХИЧЭЭЛ болдог. Бид хайртай үрсээ хамгаалахын тулд өөрсдөө зөвийг үлгэрлэгч байх хэрэгтэй.
Хүүхэд хохирсон ослын тоог бууруулах үүднээс Баян-Өндөр сумын ИТХ-аас “Суралцагч хот” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэн хамгаалах бүс хэрэглэх, зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, ногоон гэрлээр цагаан гарцаар зам хөндлөн гарах дадалд сургаж, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхад нь анхаарцгаая.
Замын хөдөлгөөны дүрмийг МЭДДЭГ биш өдөр тутамдаа ДАДАЛ болгон хэвшүүлцгээе.
Сэтгэгдэл: